СУМЫН ХҮҮХДҮҮД 4 ДЭХ УДААГАА ЧУУЛЖ САНАЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЖ,ТУЛГАМДСАН АСУУДЛАА ГАРГАЖ ТАВИЛАА
Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 2 жил тутамд нэг удаа хүүхдийн чуулган хийж байхаар тусгасны дагуу суманд үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн 3 сургуулийн 1100 сурагчдын төлөөлөл 100 хүүхэд, сум, сургууль, зарим байгууллагын удирдлага, эцэг эхийн төлөөлөл оролцсон "Хөгжлийн түлхүүр-Хүүхэд бидний гарт" хүүхдийн 4-р чуулган 10 сарын 25-ны амжиллтай болж өндөрлөлөө. Чуулганы үйл ажиллагаа өглөө 10 цагаас сумын Нутгийн удирдлагын ордны өмнө байрлах төр, нийгмийн зүтгэлтэн Б.Дэжидийн хөшөөнд цэцэг өргөснөөр эхэлсэн бөгөөд үйл ажиллагаа Соёлын төвд үргэлжилж чуулганы индэр дээрээс сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, сургуулийн захирал, эцэг эхийн төлөөлөл чуулганд оролцогчдод хандаж үг, сургаал хэллээ. Уг чуулганыг угтаж зохион байгуулагчдын зүгээс 9-12 дугаар ангийн сурагчдын дунд "Хууль бидний амьдралд" сэдэвт АСТ, 1-5, 6-12 дугаар ангийн сурагчдын дунд "Томчууд бидний нүдээр" шог зургийн уралдаан, мөн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд "Манай сумын хөгжилд миний оролцоо" сэдэвт илтгэлийн уралдааныг тус тус зохион байгуулж шалгарсан хүүхдүүдэд шагналыг нь чуулганы үеэр гардуулж баяр хүргэлээ. Чуулганы үеэр хүүхдүүд өөрсдийн хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргасан нь бас сонирхолтой байв. Чуулган болж байх үеэр УИХ-ын гишүүн асан М.Зоригтын ахалж яваа "Бидний цөөхөн монголчууд" төслийн баг МҮОНТ-ийнхэнтэй хамт суманд ирж чуулганы үйл ажиллагааг сониучирхаж, хүүхдийн төлөө ажил хийдэг мундаг сум байна хэмээн үнэлж бичлэг хийж, зураг авч байлаа. Чуулганы гол хэсэг нь яах аргагүй хэлэлцүүлгийн хэсэг байсан бөгөөд зохион байгуулагчдын зүгээс "Бид эрүүл мэндээ сахин хамгаалж чадна", "Бид ёс заншлаа өвлөн уламжлуулж чадна", "Бид зөв төлөвшил, ёс зүйтэй иргэн болж чадна", "Бид эрхээ эдэлж, үүргээ ухамсарлаж чадна", "Байгаль орчноо хамгаалж чадна", "Бид... чадна" зэрэг 6 асуудлаар групп болгон хэлэлцүүлгийг хийлээ. Хүүхдүүд хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон ба сэдэв тус бүрээр санаа оноогоо илэн далангүй илэрхийлж, илтгэж байв. Чуулганаас хэлэлцүүлгээс гарсан үнэтэй санал, санаачилгуудыг нэгтгэн дараагийн чуулган хүртэл хэрэгжүүлэх УРИАЛГА гаргалаа. Чуулганы дараа төлөөлөгчид монголын уран сайхны "Шүүдэр дундуур" дэлгэцийн киног үзэж сонирхлоо.