Өчигдөр буюу 10 сарын 16-ны 15.30 цагаас тэргүүлэгчид хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцсэний дээр суманд өрнөж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Үүнд:
1. Орлого багийн ИНХ-ын тогтоол, Засаг даргаас ирүүлсэн албан хүсэлтийг дэмжиж тус багийн төвийг 1969-1985 он хүртэл бригадын даргаар тасралтгүй 16 жил ажиллаж нутгийн ард олныхоо дунд "Буурал дарга" хэмээн хүндлэгдсэн Гончигийн БУЯНЖАРГАЛ-ын нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ.
2. Сумын хэмжээнд бэлчээрийн маргаан ихээхэн гарах болсонтой холбогдуулан "Сумын бэлчээр ашиглах журам"-тай болох талаар Хурлын дарга танилцуулж тэргүүлэгчдийн санал бодлыг сонслоо. Журмын төсөл боловсруулж багуудын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг хийж нэгдсэн ойлголтод хүрч сумын Хурлаар уг журмыг хэлэлцэж батлах нь зүйтэй гэж Тэргүүлэгчид үзлээ.
3. Хурлын дараа тэргүүлэгчид суманд хийгдэж байгаа зам, гүүрийн ажлын явц байдлыг үзлээ. Энэ ажлыг гүйцэтгэж буй "Тэргүүн саруул зам" компаний инженер Ууганболд биднийг дагуулан явж сумын төвийн зам, Намирын голын гүүр, Харгаат руу тавьсан сайжруулсан шороон замын ажилтай танилцууллаа. Инженер хэлэхдээ: Одоогийн байдлаар сумын төвөөс Харгаат чиглэлд 5.3 км сайжруулсан шороон зам тавьсан, сумын төвд 700м урт замын хашлагыг үерийн ус зайлуулах хоолойн хамт хийсэн, гүүрний 15ш дам нурууг угсарч бэлэн болгосон, Намирын голд гүүрний тулгуур багана 2-ыг босгож, 3 дахь тулгуурыг босгохоор газар шорооны ажил хийж байна гэлээ.